Блог руу буцах

2026 оны тавдугаар сарын 30

"Үндэсний Хиймэл Оюуны Аян 2026" - Монгол Улс 1000 Хиймэл Оюуны сургагч багштай боллоо.

"Үндэсний Хиймэл Оюуны Аян 2026" - Монгол Улс 1000 Хиймэл Оюуны сургагч багштай боллоо.

Хиймэл оюуны хөгжлийн хурд дэлхий даяар эрчимжиж буй энэ үед Монгол Улс ирээдүй хойч үеэ дэлхийн боловсролын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхуулах зорилгоор “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд “Хиймэл оюуны 500 багш бэлтгэх хөтөлбөр” хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улс нийт 1000 AI сургагч багштай боллоо.

AI Academy Asia (AIAA)-аас санаачлан 2025–2030 оны хооронд хэрэгжүүлж буй энэхүү үндэсний хэмжээний аян нь Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн өргөн цар хүрээтэй AI боловсролын хөтөлбөрүүдийн нэг юм. Төслийн гол зорилго нь таван жилийн хугацаанд нийт 2500 AI мэдлэгтэй багш бэлтгэж, тэдгээрээр дамжуулан хиймэл оюуны боловсролыг улс орон даяар түгээхэд оршино.

photo

Хөтөлбөрт хамрагдсан багш нар зөвхөн AI технологийг ашиглах ур чадвар эзэмшихээс гадна сурагчдадаа хиймэл оюуныг хариуцлагатай, ёс зүйтэй, бүтээлч байдлаар ашиглах мэдлэгийг түгээх чадамжтай болж байгаагаараа онцлог юм.

Энэ жилийн сонгон шалгаруулалт нь хөтөлбөрийн үндэсний хэмжээний эрэлт хэрэгцээг тод харуулан 2026 оны элсэлтэд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн бүх дүүргээс нийт 4000 гаруй өргөдөл ирүүлснээс 500 багшийг шалгаруулан гурван сарын эрчимжүүлсэн сургалтад хамруулсан билээ.

photo

Сургалтын хөтөлбөрт хиймэл оюуны суурь ойлголт, машин сургалт, Python програмчлал, “vibe coding”, үүлэн тооцоолол зэрэг орчин үеийн технологийн чухал сэдвүүд багтсан бөгөөд сургалтыг Бостоны Их Сургууль, Стэнфордын Их Сургуульд бэлтгэгдсэн судлаачид болох олон улсын түвшний сургагч багш нар удирдан явуулсан.

Мөн Голомт банкны эдийн засагчдын удирдсан санхүүгийн боловсролын хичээлүүдийг хиймэл оюуны сургалттай хослуулан оролцогч багш нар дижитал ур чадвар болон санхүүгийн мэдлэгийг зэрэг эзэмшсэнээрээ онцлог байв.

photo

          2025 болон 2026 оны хөтөлбөрөөр бэлтгэгдсэн нийт 1,000 багш нь орон нутаг болон алслагдсан бүс нутгийн 20,000 гаруй сурагчдад хиймэл оюуны боловсролыг хүргэх зорилготой ажиллах ба энэхүү аяны үндсэн зорилт болох 2500 багш бэлтгэх төлөвлөгөө бүрэн хэрэгжсэнээр Монгол Улс даяар 100,000 гаруй сурагч хиймэл оюуны боловсролыг хүртэх бүрдэх бөгөөд энэ нь Монгол Улс хиймэл оюуны хувьсгалыг зүгээр ажиглагч бус, харин түүнийг манлайлан оролцогч орнуудын нэг болж чадна гэдгийг харуулж байна.